Ховд аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас “Техник технологийн олимпиад”-ыг 23 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.
Тус олимпиадад ерөнхий боловсролын 24 сургуулийн дүрслэх урлаг, дизайн технологийн 80 орчим багш, ахлах ангийн 160 гаруй сурагч оролцож, нисэх онгоц, усан онгоц, авто машины загвар, технологийн багш, сурагч /эрэгтэй, эмэгтэй/, дүрслэх урлагийн багш, сурагч гэсэн 9 төрлөөр оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлджээ.
Энэхүү олимпиадын хүрээнд багш, сурагчид онолын ба бүтээлч сэтгэлгээ, ур чадварын шалгалт өглөө. Мөн сурагчид өөрийн зохион бүтээсэн техник хэрэгслээр өрсөлдсөнөөрөө онцлог юм. Тухайлбал, авто машины загварын төрөлд 15 сурагч оролцож, өөрсдийн зохион бүтээсэн удирдлагатай авто машинаар бартаат саад, тодорхой замыг туулав.
Өсвөр үе, залуучуудын зохион бүтээх сэтгэлгээ, авьяас чадварыг хөгжүүлэх, багш нарын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх зорилготой уг олимпиадад оролцогчдын тоо, ур чадвар жил бүр нэмэгдэж, хөгжиж байгааг зохион байгуулагчид онцоллоо.