Засгийн газрын тэтгэлгээр БНСУ, Франц, Польш, ОХУ, БНХАУ зэрэг 13 улсад суралцах боломжтой.
Амьдралын хаалгаа дөнгөж нээгээд, мэргэжлээ сонгож буй залууст дэлхийн хэмжээний боловсрол эзэмших хамгийн том боломж нь тэтгэлэг байдаг. Тиймээс мянга, мянган залуус, тэдний эцэг эх 2019-2020 оны хичээлийн жилд ямар тэтгэлэг зарлагдсан тухай чих тавьж байгаа. Тэгвэл Монгол Улсын Засгийн газар, БСШУСЯ-наас онцолж буй зарим тэтгэлгийн тухай дэлгэрүүлэн мэдээлэе.
Бакалаврын тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн I, II дамжаанд 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа оюутнууд.
Магистр, доктортад бакалаврын 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, хоёроос доошгүй жил ажилласан иргэн хамрагдах боломжтой.
БОЛГАРТ ХӨДӨӨ АЖ АХУЙН ЧИГЛЭЛЭЭР СУРАХ БОЛОМЖТОЙ
Болгар улс хөдөө аж ахуйн чиглэлээр хамгийн чадвартай мэргэжилтэнг бэлтгэдэг билээ. Ялангуяа газар тариалан, хөрсний судалгаа чиглэлээр. Тэгвэл 2019-2020 оны хичээлийн жилд тус улсад хөдөө аж ахуйн чиглэлээр найман хүүхэд, бусад мэргэжлээр нэг хүүхэд сурах боломж бүрджээ. Тэтгэлэгт хамрагдах, хүсэлт гаргах хугацааг гурав болон дөрөвдүгээр cap гэж заажээ.
ПОЛЬШ УЛСАД 23 ХҮН СУРГАНА
Хэрэв та Польш улсад сурахаар төлөвлөж байгаа бол анхаарлаа хандуулаарай. Учир нь хоёр орны Засгийн газрын тэтгэлгээр тус улсад энэ жил 23 хүн суралцах боломжтой юм байна. Тэтгэлэгт хамрагдах хугацаа гурав болон дөрөвдүгээр cap. Польшид “Соёлын сэргээн засварлалт”, “Эрчим хүчний инженер”, “Барилгын инженер”, “Мэдээлэл технологийн инженер”, “Химийн инженер”, “Биотехнологи”, “Сэргээгдэх эрчим хүчний инженер”, “Уул уурхайн инженер”, “Зам тээврийн инженер”, “Байгаль орчны хамгаалал”, “Польш хэл судлал”, “Тусгай хэрэгцээт боловсрол”, “Сургуулийн өмнөх бага боловсролын арга зүй”, “Мэдээллийн технологи” гэсэн мэргэжлээр суралцаж болох юм.
ИНЖЕНЕРИЙН ЧИГЛЭЛЭЭР УКРАЙНД СУРААРАЙ
Хоёр улсын Засгийн газрын шийдвэрээр Украйн улсад энэ жилд 15 хүн тэтгэлгээр суралцана.Тэд “Замын инженер”, “Нисэхийн инженер”, “Барилгын инженер” гэсэн XXI зуунд хамгийн эрэлттэйд тооцогдоод гурван мэргэжлээр боловсрол эзэмших боломжтой. Тэтгэлгийн хүсэлтийг гурав болон дөрөвдүгээр сард авна.Украйн улс дэлхийн нисэхийн салбарт алдартай бөгөөд олон чанартай, авьяастай мэргэжилтэнг бэлтгэсэн байдаг. Дэлхийн агаарын замын шилдэг нисгэгчид тус улсад боловсорсон байдаг учир жилд хэдэн мянган хүүхэд Украйнд сурах хүсэлт гаргадаг байна.
ВЬЕТНАМ УЛС 15 ОЮУТАН УРЬЖ БАЙНА
Вьетнамд сурах хүсэлтэй оюутнууд гурав болон дөрөвдүгээр сард харьяа яамандаа хүсэлт гаргаарай. Тус улс энэ жил манай улсаас 15 оюутан авахаар төлөвлөжээ. Вьетнам бол үндэсний соёл урлагаа дээдэлдэг орон. Тиймээс урлагийн мэргэжилтэй хүмүүс хамгийн нэр хүндтэй байдаг гэнэ. Оюутан та “Соёлын өв сэргээн засварлалт”, “Архитектур”, “Анагаах ухаан”, “Олон улсын харилцаа”, “Эдийн засаг, санхүү”, “Сэргээгдэх эрчим хүчний инженер”, “Вьетнам судлал” гэсэн мэргэжлээр суралцах боломжтой юм.
АНАГААХЫН МЭРГЭЖЛЭЭР УНГАР УЛС ТЭРГҮҮЛНЭ
Энэ жил хамгийн олон оюутан явах боломжтой улс нь Унгар юм. Манай улсаас 200 хүн очиж, мэдлэгээ нэмэх нөхцөл бүрджээ. Унгарын анагаах ухааны сургуулиуд дэлхийд алдартай. Тиймээс та анагаахын сургуульд орсноор алтан гартай эмч болоод ирэх юм.
Үүнээс гадна “Молекул биологи”, “Сурган хүмүүжүүлэх ухаан”, “Байгалийн шинжлэх ухаан”, “Урлаг ба хууль”, “Хөдөө аж ахуй”, “Нийгмийн ухаан, мэдээлэл зүй”, “Хууль эрх зүй”, “Эдийн засаг”, “Инженер”, “Хөдөө аж ахуйн инженерчлэл” гэсэн мэргэжлээр сураарай. Харин бүртгэлийн хугацаа эхэлсэн бөгөөд БСШУСЯ-наас дэлгэрэнгүй мэдээллийг авч, гуравдугаар cap хүртэл бүртгүүлэх боломжтой аж.
СОЛОНГОС УЛСАД “БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААН”-ААР СУРАХ УУ?
Бидэнд хамгийн ойр санагддаг улс бол БНСУ. Тус улсын хувьд энэ жил Засгийн газрын тэтгэлгээр найман монгол оюутан авна гэж заажээ. Тэд “Байгалийн шинжлэх ухаан” болон “Инженер” -ийн мэргэжлээр сурах боломжтой юм байна. Хэрэв инженерийн чиглэлээр сурахыг хүсвэл ямар төрлөөр мэргэшихээс шалтгаалж, анги сонголтоо хийх гэнэ. Тэтгэлгийн хугацаа гуравдугаар сараас эхэлнэ.
ФРАНЦ УЛСЫГ 10 ОЮУТАН ЗОРИНО
Дэлхийн боловсролын салбарт Франц улс тэргүүлэх орны тоонд зүй ёсоор багтдаг. Тус улсад боловсрол эзэмшсэн мэргэжилтэн хаана ч нүүр бардам, итгэл төгс ажилладаг ажээ. Манай улсаас ч Францад сурах хүсэлтэй залуус жилээс жилд нэмэгдэж байгаа юм. Тэгвэл тус улсын зүгээс энэ жил 10 оюутан элсүүлэхээр болжээ. Тэд энэ удаад зөвхөн хөдөө аж ахуйн чиглэлээр суралцах нөхцөлтэй юм байна. Тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй оюутнууд гуравдугаар сард хүсэлтээ гаргаарай.
КУБЫН СУРГУУЛИУД ТАНЫГ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дараагийн онцлох тэтгэлэг бол Кубын тэтгэлэг юм. Энэ жил тус улсад гурван оюутан сурах боломж бүрджээ. Тэд анагаахын мэргэжлээр болон хүссэн нэг мэргэжлээрээ сурч болох юм байна. Тэтгэлгийн хүсэлтийг гуравдугаар сараас авна.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин