Mонгол аав ээж нар хүүхдээ “Хүний дор орохооргүй хүн болгоно” гэж хүмүүжүүлдэг. Үр дүнд нь жөтөөрхүү, амин хувиа хичээсэн монгол хүн бий болно.
Япон аав ээж нар хүүхдээ “Хүнд төвөг удахааргүй хүн болгохсон” гэж өсгөдөг. Үр дүнд нь хариуцлагатай, бусадтай нэгдэж чаддаг япон иргэн бий болно…
Mонголчууд бид багаасаа л өөр хоорондоо уралдан өрсөлдөж ѳсчээ.
Бага балчир насандаа хүмүүжлээрээ бус хов, гомдлоороо уралдана, дунд сургуульд мэдлэгээрээ бус дүнгээрээ уралдана, их дээд болон мэргэжлийн сургуулиудад ур чадвараараа бус дипломоороо уралдана, ажил дээр гарахаараа чин сэтгэлээрээ бус зусардлаараа уралдана, амьдрал дээр болохоор хэрэгцээгээрээ бус хэрэглээгээрээ уралдана.
Энэ болгон нь “Хүний дор орохгүй байх” гэсэн нэгэн зорилгод хөтлөгдөж, аав ээждээ “Хүний дор орохооргүй амьдарч яваа”-гаа нотлох нэгэн баталгаа болдог аж.
Mорь унаж уралдахдаа заавал түрүүлэх гэж зүтгэж, өөрөөс нь хоцорсондоо хорсож шаралхан, нулимсаа залгих нэгнийг харж сэтгэлдээ таашаал эдэлж баясах нүүдэлчдийн сэтгэлгээний араншин.
Зөвхөн түрүүлсэн морьд руу хөлсийг нь гараараа арчих гэж хошуурч, эзэнд зусардан хөөрөлхөж, унасан хүүхдийг нь магтан үнсэж хөөргөх бидний араншин.
Хөлс хүчээ шавхан байж ирсэн бусдыг нь тоож ч харахгүй, өрөвдөн хайрлахгүй. Аажим аажимдаа бид хэн нэгний ард орох дургүй сэтгэлгээтэй болцгооно. Гэхдээ ямар ч аргаар хамаагүй. Монголчууд бид адил тэгш байх сэтгэлгээнд дасаагүй болохоор заавал хэн нэгнийг нөгөөтэй нь харьцуулан дүгнэдэг. Гэхдээ нэг нь нөгөөгөөсөө заавал “илүү” байх ёстой хэмээх хатуурсан санаа бодолтой.
Дуучныг дуучинтай нь, улс төрчийг улстөрчтэй нь, сэтгүүлчийг сэтгүүлчтэй нь, бизнесмэнийг бизнесмэнтэй нь, миссийг мисстэй нь, хулгайчийг хулгайчтай нь, нэг найзыгаа нөгөө найзтай нь, өөрийнхѳѳ эхнэрийг өрөөлийн эхнэртэй заавал харьцуулан алдааг нь олж шүүмжлэн гоочлоно.
Хүн болгон өөрийн гэсэн хүмүүжил төлөвшилтэй, адилгүй санаа бодол сэтгэлгээтэй, өөр өөр авьяас чадвартай, тус тусдаа боломжтой гэдгийг бид ойлгож хүлээн зөвшөөрдөггүй. Нэгэнд нь байгаа сайн тал нөгөөд нь байхгүй авч, нэгэнд нь байгаа авьяас чадвар нөгөөд нь байхгүй байгааг бид анзаарч мэдэрдэггүй.
Хүн болгон өөрсөддөө байгаа боломжин дотроо оршиж байгааг, тэгж орших учиртайг бид ухаардаггүй.
“Амьтан хүн муу хэлнэ” гэдэг айдсанд хүлэгдсэн, “Хүний дор орохооргүй яваа”-гаа харуулах гэсэн солиоролтой хийрхэл та биднийг цөхрөөж, сэтгэлгээг ядрааж, хүсэл зорилгыг тань хиртээж байна даа.
Бидний энэ уралдаанч хэвшил, харьцуулсан тансаглал, барьцсан сэтгэлгээн дээр маш олон муу хүмүүс “мөнгө хийж” байна даа. Хэрвээ бид үр хүүхдүүдээ “Хүний дор орохгүй хүн” болгох гэж бус,”Бусдад төвөг удахааргүй хүн” болгон төлөвшүүлэх гэж хичээх аваас олон зүйл сайнаар өөрчлөгдөнө дөө.
Өчүүхэн жижиг үйлдэл болгондоо хариуцлагатай ханддаг болно, сайн муу, баян ядуу гэж ялгаварлахгүйгээр хүн бүрийг хүндэлдэг болно, хийж буй бүтээл болгондоо “бусдын сайн сайхны төлөө” хэмээн сэтгэлээ шингээдэг болно, чадахгүй зүйлдээ боломжоо учирлан уучлал гуйж татгалздаг болно, бусдад төвөг удахгүйгээр өөрийн боломжоороо амьдарч чаддаг болно.
Боломж гэдэг хязгаарлагдмал хэдий ч бидэнд өгсөн бурханы хишиг. Тэгэхээр хүн бүр төгс төгөлдөр байж чадахгүй байгаа нь бусдад муулуулах шалтаг биш.
Хүн болгонд боломж нь адилгүй байх учраас бусдад төвөг удахгүй байх нь хамгийн зөв сонголт юм даа. Таны амар амгалан амьдралын баталгаа юу гээч? Бусадтай уралдаж өрсөлдөхгүйгээр өөрийн боломжоороо ажиллаж амьдарч, тэнүүн ухаантныг ч, тэнэг мунхагийг нь ч байгаагаар нь ойлгож харьцах чадвар юм шүү дээ.
Уралдлаа гээд түрүүлэх үү?
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах