Залуучуудын ДАШТ-д Монголын есөн тамирчин оролцоно

Залуучуудын өвлийн олимпын гуравдугаар наадам Швейцар Улсын Лозанн хотноо энэ сарын 9-нөөс 22-нд эхэлсэн бөгөөд өнөөдөр  /2020-01-22 /өндөрлөнө.

Уг олимпын биатлоны эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан зайн төрөлд манай улсын хоёр тамирчин оролцсон юм.

Тодруулбал, Монголын багийн тугчин биатлоны тамирчин Э.Энхсайхан 99 тамирчин уралдсан эхний өдрийн тэмцээнд 12 дугаар байр эзэлж, өвлийн спортын төрөлд нэгэн шинэ амжилтын түүхийг бичсэн. Тэрбээр 1964, 1968 онд өвлийн олимпод оролцсон Монголын биатлончдын түүхийг буухиалсан юм.

Биатлоны эрэгтэй 12.5 км зайд нийт 99 тамирчин өрсөлдсөнөөс 98 тамирчин барианд орж, ОХУ-ын биатлонч Домичек Олег 34:09.4 цагийн амжилтаар олимпын аварга болсон бол Монголын тамирчин Э.Энхсайхан 36:50.9 цагийн амжилтаар 12 дугаар байрт шалгарсан юм. Монголын биатлонч Э.Энхсайхан нь энэ жил 17 настай бөгөөд өмнө нь цанаар зургаан жил хичээллэсэн бол биатлоноор хоёр жил болж байгаа гэнэ.

Түүний дараагийн тэмцээн маргаашаас ирэх хоёрдугаар сарын 2-ны хооронд Швейцарийн Ленцерхайде хотноо болох өсвөрийн болон залуучуудын ДАШТ юм.

Энэхүү тэмцээнд манай улсаас есөн тамирчин дасгалжуулагч С.Ганболд болон ЗХУ-Беларусийн нэрт биатлонч, гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Александр Попов нарын удирдлага доор оролцох аж.

Уг тэмцээнд 44 улсын 500 гаруй тамирчин оролцох юм байна.

Тухайлбал ДАШТ-ий өсвөрийн охидын ангилалд Т.Ариунболд, хөвгүүдийн ангилалд А.Билгүүн, Ц.Адьяажаргал нар өрсөлдөх бол залуучуудын ангилалд эмэгтэйчүүдэд Ч.Бямбасүрэн, М.Должинсүрэн, эрэгтэйчүүдэд Э.Энхсайхан, Б.Далхсүрэн, Б.Тайванбаатар, Б.Гомбоням өрсөлдөнө.

эх сурвалж: mnb.mn

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих