Сингапур улс ерөнхий болон их, дээд сургуулийн боловсролын чанараараа дэлхийд дээгүүр бичигддэг.
Азийн бар Сингапур улс боловсролын салбартаа хэд хэдэн өөрчлөлтийг хийхээр төлөвлөж байгаагийн нэг нь сурагчдын мэдээллийг хадгалдаг, бид бүхний хэлж заншсан”журнал” дээр сурагчдыг дундаж болон хамгийн доод, дээд оноогоор үнэлэн жагсаахыг болиулж байгаа явдал юм.
Тухайлбал, 2019 оноос нэг болон хоёрдугаар ангийн сурагчдыг дүгнэх шалгалтыг болиулахаар болжээ. Харин үүний оронд тухайн хичээл болон хичээлийн сэдвийн хүрээнд илүү дэлгэрэнгүй яриаг анги дотор өрнүүлж, асуулт-хариултын аргаар сурагчдыг дүгнэхээр болсон байна.
Сурагчдын мэдлэгийн ахиц чадварыг үнэлэх шинэлэг бөгөөд хамгийн оновчтой хэмээгдэж байгаа энэ арга нь бага ангийн сурагчид өрсөлдөөнт болон харьцуулагдсан нөхцөл байдлаас ангид байж, зөвхөн өөрийн суралцах чадвартаа анхаарах боломжтой гэж үзжээ.
Шалгалтын дүнгээр тодорхойлдог байсан тогтолцоог өөрчилснөөр ирээдүйд илүү нээлттэй, бүтээлч хүмүүсийг бий болгож, тус улсын цаашдын төлөв байдлыг өөрчлөх бүрэн боломжтойг тус улсын боловсролын салбарынхан онцолж байлаа.
Боловсролын салбартаа мэдлэгийн үнэлгээг халж томоохон шинэчлэлийг эхлүүллээ
Дашрамд сонирхуулахад Эдийн засаг, хамтын ажиллагааны олон улсын байгууллагаас/OECD/ гурван жил тутам дэлхий даяар 15 настай сурагчийн дундах шинжлэх ухааны мэдлэг, тоо бодох болон унших чадварыг хэмжин, дэлхий дахины ерөнхий боловсролын дундаж тогтолцоог үнэлдэг байна. Сингапур улс хамгийн сүүлд хийгдсэн энэхүү үнэлгээг 1,655 оноотойгоор тэргүүлсэн бол Ази Номхон далайн Хонг Конг, Япон, Макао зэрэг улс ард нь бичигдсэн байна.
Энэ нь бид бүхний сайн мэдэх Их Британи, АНУ зэрэг өндөр боловсролтой улсын ерөнхий боловсролын чанарыг дээрх орнууд хол хаяж буйг судалгааны дүн харуулжээ.
Эх сурвалж: World Economic Forum