Үндэсний статистикийн хороо: Хойд болон зүүн аймгуудад ерөнхий боловсролын сургууль илүүдэлтэй байна.
Мөн судалгаагаар Улсын хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд бүх шатны сургуульд сурагчид 1.0 сая, цэцэрлэгт хүмүүжиж байгаа хүүхдүүдийн тоо 261,300 болж нэмэгдсэн байна.
Энэ нь өмнөх хичээлийн жилтэй харьцуулахад сургуулийн тоо таваар нэмэгдэж, суралцагчдын тоо 20.4 мянгаар өсжээ. Нийт суралцагчдын 55.1% нь 1-5 дугаар ангид суралцаж байна. Харин цэцэрлэгийн тоо 19, цэцэрлэгийн бүлэг 95-аар нэмэгдсэнээр хамрагдах хүүхдүүдийн тоо 4,600-аар өсжээ.
Гэвч сургуулийн өмнөх насны буюу ирээдүйд сургуульд шилжин сурах хүүхдүүдийн тоо, хүн амын өсөлтийг харгалзалгүйгээр орон нутагт бүтээн байгуулалт хийж буй нэрээр, шаардлагагүй байршилд цэцэрлэг, сургууль баригдсан гэдгийг ҮСХ-ны статистикч С.Норов хэлж байна.
Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 2018-2019 оны хичээлийн жилд 72.2 мянган хүүхэд элсэн орсон нь өмнөх оныхоос 6.3%-аар өссөн дүн. Мөн дотуур байранд амьдардаг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын тоо 34.7 мянга байна.
Нийт Монгол улсын боловсролын салбарт өнөөдрийн байдлаар:
- 1,435 цэцэрлэгт 261.3 мянган хүүхэд
- 803 сургуульд 593.2 мянган сурагч
- 94 их, дээд сургуульд 157.6 мянган оюунтан суралцаж байгаа бөгөөд
- Мэргэжлийн боловсрол сургалтын 86 байгууллага үйл ажиллагаа явуулж байна.