5cbf1c74a4ac2

ЭЕШ-д 800 оноо авсан сурагчийг нэг сая төгрөгөөр урамшуулна

“Төрөлх-Алтай” ТББ-аас ЭЕШ-д амжилттай оролцож 800 оноо авсан Говь-Алтай аймгийн сурагч бүрийг нэг сая төгрөгөөр урамшуулхаар болжээ.

“Төрөлх-Алтай” ТББ-ын тэргүүн, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн санаачилгаар энэ оноос эхлэн Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын сургуулийг төгсөж ЭЕШ-д 800 оноо авсан сурагч тус бүрт нэг сая төгрөг, тус шалгалтаас хамгийн өндөр оноо авсан эхний 100 хүүхдэд сар бүр 50000 төгрөгийн мөнгөн тэтгэмж олгохоор шийдвэрлэжээ. Энэхүү шийдвэрээ “Төрөлх-Алтай” ТББ-аас санаачлан зохион байгуулсан “Говь-Алтайн Ирээдүйн эзэд” байгалийн ухааны нэгдмэл агуулгын анхдугаар олимпиадын үеэр танилцуулсан юм.

“Төрөлх-Алтай” ТББ нь Говь-Алтай аймгийн боловсролын салбарт ихээхэн хөрөнгө оруулалт хийж байгаа билээ. Тодруулбал, он гарсаар тус аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус сургуулиудын 12 дугаар ангийн сурагчдын дунд байгалийн ухааны нэгдмэл агуулгын анхдугаар олимпиад, 1-12 дугаар ангийн сурагчдын дунд шатар, гар зураг, эсээ бичлэгийн уралдаануудыг зохиосон байна. Мөн Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудыг 1995-2005 оны хооронд төгссөн төгсөгчдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих