Ёс суртахууны САЙН болон МУУ шинжийг таниулан хэлцгээе!

    Хүүхдээ зөв төлөвшилтэй болгох арга замыг үргэлж эрэлхийлэн чадах ядахаараа хичээж буй бүх л эцэг эхчүүдэд нэгэн уламжлалт аргыг санал болгож байна. Хүний ёс суртахууны сайн муу шинж, зөв бурууг дүрслэн өгүүлсэн, шүлэглэсэн сургаал үгсийг хүүхдэд ягштал цээжлүүлэх нь тэдэнд үг бүрийн цаадах утгыг гүнзгий ухаж ойлгох, цаг ямагт санаа сэтгэлд нь уяатай байхад тусалдаг ажээ. Нэгэн сургааль цээжлэх нь олон удаа үглэхээс хавьгүй илүү үлдэцтэй гэдгийг өвөг дээдэс хэдийнэ сайн мэддэг байсан гэдэг.

ЭРХЭМ САЙН ХӨВГҮҮНИЙ ЁС

Эцэг эхийн сургаалаар явагч
Эрдэм билиг сурахад дуртай
Энэрэх ухаантай хөвгүүн лүгээ нэг.
Ах дүү хэнд ч эетэй
Алинд ч зарваас ялгуум сайн
Ааль зан нь дөлгөөн номхон
Уургүй шударга хөвгүүн лүгээ хоёр.
Алиа найдангүйгээр үл явагч
Арга санаанд сэцэн сайн
Аж төрөхөд маш зүтгэлтэй
Ашид бүтэмжтэй хөвгүүн лүгээ гурав болмуй.

ҮР МУУ ХӨВГҮҮН НЬ

Эцгийн сургаалийг үл сонсогч
Эгнэгт тэнэг бөгөөд хэдэр
Эд малаа нуун худалдагч
Эгэл муу хөвгүүн лүгээ нэг.
Алиа болоод эрх танхи
Ахас ихсийг харагч
Алинд ч зарваас өсөд үл хөдлөгч
Адаг муу хөвгүүн лүгээ хоёр.
Аяган дахь идээгээ чамлан айлын идээнд гүйгч
Аливаа үгсийг зөөгч
Асар муу хөвгүүн лүгээ гурав болмуй.

САЙН ОХИНЫ ЁС

Сайн сайхан гоо зүстэй бөгөөд
Санаа сэтгэл нь номхон дөлгөөн
Саруул ухаантай охин лүгээ нэг.
Эхийн сургаалаар явагч
Эгч дүүтэйгээ эетэй
Эсгэх оёход уран
Эрхэм сайн охин лүгээ хоёр.
Алиа найдангуйд дургүй
Ахуу биеэн хичээн хадгалаад
Ах ихсийг зэргээр хүндлэгч
Уур хилэнгүй ааль сайтай охин лугаа гурав болмуй.

АСАР МУУ ОХИНЫ ЁС

Авир дүр нь чөтгөр мэт
Ааль зан нь сармагчин мэт
Асар ууртай ааш муутай охин лүгээ нэг.
Ачит эцэг эхээ сургаваас уурлан
Ах дүүтэйгээ хэрэлдэн хараагч
Алиа найдангуйд маш баясан
Айл хэсэгч охин лүгээ хоёр.
Үйл хийхэд дургүй
Үг хов хэлэхэд дуртай
Үргэлжид гэрт гадаа дуулагч
Үл бүтэх муу охин лүгээ гурав…
“Тоть шувууны сургааль”-аас

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих