~Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бусадтай адил орчинд боловсрол эзэмших эрхтэй~
ЖАЙКА олон улсын байгууллагаас “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах” төслийн 2017-2018 оны хичээлийн жилийн тайлангийн хурал боллоо.
Төсөл 2015 оноос хэрэгжиж байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд чанартай боловсрол эзэмшүүлэх, хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, тэдэнд үзүүлэх хөгжлийн дэмжлэг, боловсролын загварыг бий болгоход чиглэж байна. Иймд тусгай сургуулиудад “Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө”, “Ээлжит хичээлийн хөтөлбөр” боловсруулан судалгаат хичээлийг явуулж байна.
Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг бусад хүүхдийн адил орчинд буюу ердийн сургуульд оруулж дасгах, нийгэмшүүлэх, амьдралд хөл тавихад нь дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна. Үүний тулд хүүхдүүдэд боловсрол олгож буй ердийн сургуулийн багш нарт тусгай сургуулийн багш нар зөвлөн туслах үйл ажиллагаа явуулж байна.
Төсөлд одоогоор Хөвсгөл аймаг болон нийслэлийн ерөнхий боловсролын 12 сургууль хамрагдаж байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 55 дугаар тусгай сургуулийн дэргэд ердийн сургалттай 79, 111, Хан-Уул дүүргийн 63 дугаар тусгай сургуулийн дэргэд 26 болон 34 дүгээр сургууль байна. Мөн Баянгол дүүргийн 70 дугаар тусгай сургуулийн дэргэд 28, 113, Сүхбаатар дүүргийн 25 дугаар тусгай сургуулийн дэргэд 16, 35 дугаар сургууль туршилтаар хичээл зааж байна.