Хүүхдийнхээ дэргэдүүр зэрэгцэж хэвтээд, эсвэл өвдөг дээрээ авч суугаад 20 минут орчим ном уншиж өгөхөд хүүхэд төдийгүй уншсан аав, ээж хүртэл сайхан амрах болно.
Ном уншиж өгч байхад хүүхэд байнга асуулт тавьж, уншилтыг тасалдуулж болох ч үүнийг бүрэн хүлээн зөвшөөрөөд түүний асуултад оновчтой, товч, зөв хариулах нь хүүхдийн бусадтай харилцан ярилцах үндсэн чадварын эх суурийг тавьж өглөө гэсэн үг.
Хамт ном унших нь хамт зугаалах, тоглох, хамтдаа хооллохоос хавьгүй илүү сэтгэгдлийг хүүхдэд төрүүлдэг байна.
Ийнхүү хүүхдэд ном уншиж өгөх, тэр явцдаа харилцан ярилцах нь хүүхдийн хэл ярианы хөгжлийг юуны өмнө сайжруулдаг талтай. Энэ нь хүүхдийн үгийн сонголтыг нэмэгдүүлж, улмаар сайн ярихад шаардагдах найруулгын ур чадварыг өөрөө ч мэдэхгүй эзэмшсэн байх болно.
Хамгийн тогтворгүй ухасхийсэн хөдөлгөөнтэй хүүхэд ч гэсэн ном уншуулж байхдаа өөр хүн шиг болдгийг та удахгүй анзаарах болно.
Өөрийгөө номын үйл явдал, гол баатруудтай холбон ойлгох нь хүүхдийн тухайд нэн энгийн асуудал учраас хүүхдэд болоод өнгөрсөн үйл явдлаас авах сургамж ухаарал төлөвшихөд ихээхэн тустай байдаг ажээ.