Монголын Хүүхдийн Зохиолчдын Холбооноос санаачлан крилл болон монгол хос бичгийн “Оюунтүлхүүр эрдэм” сэтгүүлийг эрхлэн гаргалаа.
Сэтгүүл нь 1000 гаруй жилийн түүхтэй монгол бичгийг , крилл үсэгтэй хослуулан ХОС БИЧГЭЭР хүүхэд залууст зориулан гарч байгаа монголын анхны тогтмол хэвлэл юм.
Хүүхэд залуучуудад мартаж болшгүй үндэсний өв соёл, зан заншил, монгол ахуй, уламжлалын талаар таниулж, тэдний хүмүүжил, төлөвшилд эерэгээр нөлөө үзүүлэх хос бичгийн “Оюунтүлхүүр эрдэм” сэтгүүл нь монгол хүүхэд, залуусын унших дуртай тэдний оюуны хэрэгцээг хангасан оюунлаг, эрдэмлэг сэтгүүл болох зорилт тавьж байна.
Хүүхэд багачуудын нас сэтгэхүйн онцлогт тохирсон, тэдний хэрэгцээ шаардлагыг хангахуйц мэдээлэл сайтай, танин мэдэхүйн, мэргэжлийн түвшинд хийгдсэн сонин, сэтгүүл бага байгаа бөгөөд интернетийн хяналтгүй хэрэглээний улмаас хүүхдүүд, насанд хүрэгчдийн мэдээллийг уншиж, буруу үлгэр дууриал авах болсон. Ийм цаг үед хос бичгийн “Оюунтүлхүүр эрдэм” сэтгүүл нь үнэтэй хувь нэмэр оруулах болно гэж үзэж байгаа юм.