image_660 (1)

​Барак Обамагийн уншихыг санал болгосон гурван ном

АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама албан үүргээ өгснөөсөө хойш өөрийн уншсан номууд дундаасаа хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн бүтээлүүдийг хуваалцаж, өөрийн үзэл бодлыг тусгасан бяцхан шүүмж, хэлэлцүүлгийн хамтаар бусдад санал болгодог уламжлалтай болоод байгаа билээ. Номонд хайртай, ном унших дуртай оюундаа хөрөнгө оруулалт хийдэг хүмүүс ч үүнийг тэсэн ядан хүлээх болсон. Тэрээр саяхан өөрийн хувийн фэйсбүүк цахим нийгмийн сүлжээн дэх албан ёсны хуудсаараа дамжуулан 2019 оны хаврын улиралд унших гурван номыг хүмүүст санал болгосон юм. Ингээд олон зүйл нуршилгүй түүний таашаасан гурван ном болон сэтгэгдэлтэй танилцъя.

1. “The Moment of Lift: How Empowering Women Changes the World” Мелинда Гейтс

Хэрвээ та эмэгтэйчүүдийн нийгэм, улс төрийн оролцоог нэмэгдүүлж дэмжихийг хүсэж байвал хувь хүн, гэр бүл, албан байгууллага, төрийн байгууллага гээд бүх хүний оролцоог шаардах нь чухал. Гэхдээ дан ганц энэ нь хангалттай зөв хандлага биш юм. Үүний тулд олон тооны судалгаа, бодит жишээн дээр тулгуурлах нь зүйтэй. Мелинда Гэйтс энэхүү номондоо өөрийн сайн үйлсийн ажлаар дэлхийн олон оронд зочлох үеэрээ уулзан бэрхшээлтэй нөхцөл байдалд байгаа хэдэн зуун хүмүүсийн бодит жишээг түшиглэн, хамгийн баттай судалгааг боловсруулсан нь эмэгтэйчүүдийн тэгш байдлыг хангахад дэлхий нийтийн анхаарлыг хамгийн ихээр татахуйц бүтээл болжээ. Мөн бага насны хүүхдийн гэрлэлт, бэлгийн мөлжлөг болон ажлын байрны салбар дахь хүйсийн тэгш бус байдлын талаар маш тодорхой, ойлгомжтой тусгагдсан аж. Би Мелинда Гэйтсийг сайн мэдэхийн хувьд түүнийг энэ бүх асуудлын шийдэлд тун өөдрөг ханддаг болохыг нь мэднэ. Гэхдээ тэрээр энэ бүтээлээрээ зөвхөн өөдрөг үзэл бус дэлхий нийтийн өмнө тулгамдаад буй хүйсийн эрх тэгш байдал, бэлгийн хүчирхийллийг шийдвэрлэх хамгийн сайн гарц замуудыг тодорхойлжээ.

2. “The Shadow of Sirius” В.С. Мервин

Өнөө цагийн хамгийн агуу яруу найрагчдын нэг В.С. Мервин саяхан таалал төгссөн билээ. Тэрээр 2008 онд хэвлэгдсэн энэхүү бүтээлдээ өөрийн амьдралын сүүлийн жилүүдэд туурвисан бүхий л шилдэг шүлгүүдээ багтаасан юм. Би В.С. Мервинтэй 2010 онд АНУ-ын хил шинжлэлийн хүрээлэнгийн ажлаараа Цагаан ордонд айлчлах үед нь хамгийн сүүлд уулзсан. Тухайн үед тэрээр надад хэрхэн өөрийгөө болон бусдыг хайрлаж, байгаль эх дэлхийтэйгээ ойрхон амьдрах тухай үнэтэй сургамжуудаа айлдсан юм. Тэр бол сайн яруу найргаар дамжуулан хүний зүрх сэтгэлд хүрч, цаашлаад амьдралын хэмнэлийг өөрчлөх замаар илүү байгаль эхээ хайрлан хамгаалах сэтгэлгээг суулгах боломжтой болохыг нотлон харуулж чадсан хүн билээ. Амьдарч буй эх дэлхийгээ хайрлан хамгаалах нь хүн төрөлхтөн бидний бүгдийнх нь үүрэг хариуцлага юм. Хэрвээ та энэ номыг унших аваас гарцаагүй надтай ижил эерэг сэтгэгдэлтэй үлдэх болно гэдгийг батлан хэлмээр байна.

3. “Pachinko” Мин Жин Лэ

Манай багийн нэг залуу гишүүн санал болгосны үндсэн дээр би 2017 онд хэвлэгдсэн энэ гайхалтай номыг уншсан юм. Энэхүү бүтээлийг дайны үеийн Японд цагаачлан очсон Солонгос залууд тохиолдсон бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн. Номын эхний хэсгээс л бидний түүхийн хичээл дээр үзсэн бүхэн хангалттай үнэнд суурилсан биш болохыг та ухаарах болно. Номын нэрийг Японы “Pinball”-той төстэй уламжлалт тоглоомын нэрээр нэрлэсэн байна. Уг тоглоомыг тоглогч нь бөмбөгийн хурд болон хүчийг өөрөө тохируулж чадах авч хөлөг дээрх саад тотгорууд нь хүн хэзээ ч байгалийн жамаас хазайж чадахгүй гэдгийг харуулах аж. Үүний адил номын зохиолч дөрвөн үеийн төлөөллөөр дамжуулан тэдний хүсэл тэмүүлэл, амжилтын төлөөх тэмцлийг харуулаад зогсохгүй нинжин сэтгэл, уян хатан чанарыг гайхалтай хүчтэйгээр харуулах болно.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих