irves-odor

ОХУ-д зохион байгуулагдсан “Ирвэсийн өдөр”-т Монгол сурагчид амжилт үзүүллээ

ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улсын Кош-Агач мужид өнгөрсөн сарын 26-ны өдөр зохион байгуулсан 10 дахь удаагийн “Ирвэсийн өдөр” /День снежного барса/ олон улсын наадамд Баян-Өлгий аймгийн Толбо сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид амжилттай оролцож, багаараа хоёрдугаар байр эзэлжээ.

Хүүхдүүдэд экологийн боловсрол олгох, цоохор ирвэсийг хамгаалах зорилготой наадмыг ОХУ-ын Сийлхэмийн нурууны байгалийн цогцолборт газар, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Алтай-Саяны салбар хамтран зохион байгуулжээ. Наадамд ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улс болон Монгол Улсын Баян-Өлгий аймгаас нийтдээ 23 сургуулийн сурагчид оролцжээ. Манай улсын багийг Өлгий сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн багш Ш.Мара, Толбо сумын ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер Х.Амангелди, Б.Гүлжан нар ахалж очсон байна.

Сурагчид шилдэг театрчилсан тоглолт, гарын бэлэг, уран зураг, танилцуулга, нүүр хувиргалт, барсын хувцас төрлүүдээр оюун ухаан, авьяас чадвараа сорин өрсөлджээ. Тус аймгийн сурагчдын хувьд дөрвөн алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар Кош-Агач мужийн нэгдүгээр сургуулийн дараа орж мөнгөн медаль хүртжээ.

Дашрамд дурдахад, дээрх цоохор ирвэсний наадмыг ирэх 10 дугаар сард ОХУ-ын Горно-Алтайск хотод “Ирвэсийн эх нутаг”, манай улсын Говь-Алтай аймагт “Ирвэстэй нутгийн ирээдүй” нэрээр олон улсын хэмжээнд тус тус зохион байгуулахаар болсон байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих