Дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтад хоёрдугаарт бичигддэг, Их Британи улсын Кэмбрижийн их сургуулийн 2019 оны мастер болон докторын зэрэгт суралцах “Gates Cambridge” хөтөлбөрт тэнцэгчдийг хэд хоногийн өмнө зарласан юм.
Энэ жилийн элсэгчдийн хувьд дэлхийн 37 улсаас шалгарсан нийт 90 оюутан хамрагдах бөгөөд тэдний нэгээр Баясгалангийн Онон шалгараад байна. Түүний Кэмбрижийн Их сургуульд өгсөн танилцуулгад дурдагдсанаар “Монгол Улсын нийт хүн амын тал хувийг эзэлж буй малчдад ноолуурын салбарын зах зээлээс зохих хэмжээний санхүүгийн урамшуулал, тэтгэмжийг олгож илүү хүртээмжтэй болгох нь тогтсон нэг стандарт, журмыг бэхжүүлэхэд чухал үүргийг гүйцэтгэх болно” хэмээжээ.
Б.Ононгийн хувьд өмнө АНУ-ын Йелийн их сургуульд Байгаль орчны эдийн засаг болон Витманы коллежид Байгаль орчны бодлого зүйг суралцаж, бакалаврын зэргээ хамгаалж байсан удаатай. Түүнчлэн тэрбээр Монгол Улсад Зориг санд ажиллаж байх хугацаандаа ирээдүйн залуу байгаль орчны хамгаалагчдыг бэлтгэх зорилготой “Байгаль орчны манлайллын хөтөлбөр”-ийг санаачилж, эхлүүлжээ.
“Gates Cambridge” хөтөлбөрт “Microsoft” компаний үүсгэн байгуулагч Билл Гейтс хөрөнгө оруулдаг билээ.