Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг өнөөдөр Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ)-ын “Dubai Cares” байгууллагын гүйцэтгэх захирал Тарик Аль-Гургтай уулзлаа.
Ноён Тарик Аль-Гург уулзалтын эхэнд Монгол Улсын БСШУСЯ-тай боловсролын салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, та бидний энэ уулзалт Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон АНЭУ-ын Гадаад хэрэг олон улсын хамтын ажиллагааны сайд Рийм бинт Ибрахим нарын уулзалтаар яригдсан хамтын ажиллагааны саналуудын үргэлжлэл гэдгийг тодотгов.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг манай яам төдийгүй Монгол Улсын Засгийн газрын тулгамдсан асуудал болоод буй хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилт, сурах бичгийн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ.
Уулзалтын төгсгөлд БСШУСЯ болон АНЭУ-ын “Dubai Cares” байгууллагын хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцлоо. Энэ хүрээнд Улаанбаатар хотод дөрвөн цэцэрлэг барих хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэхээр болов.