img_slider_kv_01

Инженер, технологийн чиглэлээр суралцагсад АНХААР!

Монгол Япон хоёр орны засгийн газрын гэрээ хэлэлцээрийн дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл нь Японы Үндэсний технологийн коллеж болон инженер, технологийн чиглэлийн сургуулиудад монгол оюутнуудыг бэлтгэх зорилготой билээ.

Тэгвэл тус төслийн энэ удаагийн бүртгэл явагдаж байгаа аж. Монгол Улсын инженерчлэлийн салбарт бодит хувь нэмэр оруулах зорилгоор Япон Улсад 1,000 хүнийг инженерийн чиглэлээр сургах төлөвлөгөөтэй энэхүү төсөл нь 2014 оноос эхлэн 2024 он хүртэл үргэлжлэх бөгөөд энэ жил Коосэн, Бакалаврын хамтарсан хөтөлбөрт сүүлийн элсэлтээ авч байна.

Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн Ерөнхий боловсролын сургууль төгсөгч, 22 хүртэлх настай Монгол Улсын иргэн та төслийн сорилд хамрагдаж болох бөгөөд шаардлага хангасан тохиолдолд “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой болох юм.

Сорил Улаанбаатар хотод 2019 оны 05 дугаар сарын 19-ний Ням гарагт 10:00 цагт ШУТИС-ийн хичээлийн 2-р байранд, харин Орон нутагт 2019 оны 05 дугаар сарын 11-ний Бямба гарагт тухайн Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт тус тус зохион байгуулагдана. Сорилын тов гарсантай холбогдуулан орон даяар бүртгэл хийгдэж эхлээд байна.

Улаанбаатар хотод 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 05 дугаар сарын 16-ны 18:00 цаг хүртэл www.elselt.edu.mn/mjeed сайтаар, Орон нутагт: 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 05 дугаар сарын 06-ны өдрийн 15:00 цаг хүртэл тухайн Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт тус тус бүртгэл хийгдэж байна.

Бүртгэлийн хураамж 5,000 төгрөг бөгөөд Улаанбаатар хотод сорил өгөх иргэд бүртгэлийн хураамжийг Голомт банкны 811-510-1742 тоот дансанд /Хүлээн авагч байгууллага: ШУТИС, ҮТС, гүйлгээний утга: “ИТДБ” төслийн сорил, овог нэр, регистр/. Харин орон нутгийн иргэд бүртгэл хийлгэхдээ хураамжаа бэлнээр тушаах ёстойг анхаарна уу.

Ирээдүйн чадварлаг боловсон хүчин болж, улсдаа ихийг хийж бүтээсэн чадварлаг иргэн болохыг суралцагч танд хүсэн ерөөе.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих