Монголд их дээд сургуулиудын тоо их байдаг, мөн түвшингээрээ дэлхийд өрсөлдөх нь цөөн. Тиймээс ямар ч хүн ямар ч мэргэжлээр төгсөх боломжтой гэж хэлж болно. Харин зарим улсад боловсрол хүний амь настай холбогдох чухал зүйл болжээ.
Саяхан Энэтхэгийн Телингани мужид шалгалтад муу дүн авснаас болж 20 сурагч амиа егүүтгэсэн талаар “Фокс Ньюс”-т мэдээлжээ. Өнгөрөгч хоёр, гуравдугаар сард нэг сая орчим хүн шалгалт өгсөн байна. Үүнээс 350 мянга нь муу дүн авчээ.
Гэтэл шалгалтад унасан 20 сурагч амиа егүүтгэсэн байна. Өөр эх сурвалжийн мэдээллээс үзэхэд, амиа хорлосон хүүхдүүдийн тоо үүнээс ч олон байж болзошгүй гэжээ.
Сурагчдын эцэг, эхчүүд шалгалтын програм хангамжид алдаа гарснаас болж хүүхдүүд нь муу дүн авсан байж болзошгүй гэж сэжиглэж, гудамжинд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байна.
Эцэг, эхчүүдийн эсэргүүцлийг улс төрийн намууд ч дэмжиж, пүрэв гарагт мужийн Ерөнхий сайд унасан болон муу дүн авсан хүүхдүүдийн шалгалтын ажлыг дахин шалгах үүрэг өгчээ.