Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2019.04.04/ Сүхбаатарын талбайд нийслэлийн Баянзүрх дүүргийн 92 дугаар сургуулийн 2222 сурагчийн хамтаар Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, төрийн шагналт яруу найрагч Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа.
“Тусгаар тогтнол” шүлэг унших үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга “Өнгөрсөн жил БГД-ийн “Оюуны ундраа” цогцолборын 3333 хүүхэд “Тусгаар тогтнол” шүлгийг анх уншиж байсан. Тусгаар тогтнол гэдэг бол өргөн агуулгатай үг. Тусгаар тогтнол бол хүссэн үндэстэн болгонд олддоггүй хувь тавилан юм. Гуравхан сая иргэнтэй ч дэлхийн хоёр том гүрний дунд туурга тусгаар оршин тогтнож байгаа Монгол Улсаараа бид бахархах ёстой. Хүүхэд багачуудад үндэсний үзлийг төлөвшүүлэхэд өнөөдрийн арга хэмжээ чухал ач холбогдолтой боллоо. Мөнх тэнгэр Монгол Улсыг ивээж, тусгаар тогтнол маань бат орших болтугай” гэсэн юм.