Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар манай улсад хэрэгжиж байгаа “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн хүрээнд Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуульд их засвар хийх гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо.
“Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр” нь хөгжиж буй орнуудын олон талын хэрэгцээ шаардлагыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Япон улсын Засгийн газар 1989 оноос хэрэгжүүлж эхэлсэн хөтөлбөр бөгөөд тухайн хөгжиж буй орны орон нутгийн захиргаа, боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудад хэрэгжүүлдэг харьцангуй жижиг төслүүдийг тухайн оронд байрлах Япон улсын Элчин сайдын яамаар дамжуулан санхүүжүүлдэг хөтөлбөр юм.
2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Япон улсаас Монгол улсад суугаа Япон улсын Хэргийг түр хамаарагч Ш.Хаяаши, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нар гэрээнд гарын үсэг зурлаа.
Хамтран ажиллах гэрээний гарын үсэг зураг ёслолын ажиллагаанд Монгол улсад суугаа Япон улсын Хэргийг түр хамаарагч Ш.Хаяаши, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын орлогч А.Амартүвшин, Нийгмийн бодлогын хэлстийн дарга Н.Мэндбаяр болон хоёр талын бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.
~ХУД-т “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр” хэрэгжинэ~
“Өвсний үндэс” төсөл нь Хан-Уул дүүргээс гадна Сүхбаатар, Дорноговь аймгуудад хэрэгжих бөгөөд боловсрол, эрүүл мэндийг чиглэлээр хамтран ажиллах гэрээг тус тус байгууллаа.
Хан-Уул дүүргийн хувьд Япон Улсын Мусашимураяма хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан боловсрол, соёл, спортын чиглэлээр хамтран ажиллаж ирсэн. Хамтын ажиллагааны хүрээнд сурагч солилцоо хөтөлбөр, “Токио-2020” зуны олимп, пара олимпийн наадмын хүрээнд Хан-Уул дүүргээс 20 сурагч болон тамирчин, жуулчдыг соёлын солилцоонд хамруулах зэрэг төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажилладаг. Мөн Хан-Уул дүүрэгт Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар буюу “Жайка” олон улсын байгууллагын төслийн хүрээнд 920 хүүхдийн хүчин чадалтай 75 дугаар сургуулийн шинэ барилга 2020 оны долдугаар сард ашиглалтанд орно хэмээн Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан онцлон хэлж, талархал илэрхийллээ.
Дээрх хөтөлбөр нь Монголд анх 1990 онд хэрэгжсэнээс хойш Монголын бүх аймаг, орон нутагт хүрч, тусламж үзүүлж ирсэн байна. Монголын хувьд боловсролын салбарыг онцгойлон чухалчилж ирсэн бөгөөд өнөөг хүртэл хэрэгжсэн 454 төслийн 60-аас илүү хувийг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн өргөтгөл, засварын төсөл эзэлдэг бөгөөд Япон улсын дипломат төлөөлөгчийн газар санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд голлох үүргийг гүйцэтгэдэг байна.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР