uuts dawharlah yos

Ууц давхарлах ёсны учир

Цагаан сарын өдрүүд сошиалаар давхарлаж тавьсан ууцны зураг олны анхаарлыг татдаг. Энэ нь зөв үү, буруу юу гэсэн талцал иргэдийн дунд үүсдэг. Учгыг нь олоогүй нэгэн  “баярхаж хэнээрхлээ” гэж эгдүүцэх нь бий. Чухам ямар үед ууц давхарлаж тавьдаг талаар өгүүлэе.

Ууц махыг монголчууд хvндэтгэлийн чухал зоог гэж үздэг.  Ууц мах нь дотроо их ёсны ууц, бага ууц гэж ялгавартайгаар засагддаг.Зочноо дайлахдаа дан ууц тавьдаггvй. Ерөөс ганц мах хүнд өгдөггvй.

Их ёсны ууц – Ууцан дээр хамар ,чихний дээд угийг шар тосоор чимсэн битүү толгойг нэг шийрийн хамтаар нэмж тавьсныг их ёсны ууц гэнэ. Толгой шийрийг хүнд өгөх ёсны дагуу тавих бөгөөд ууцныхаа зүүн гар талд нь толгойг, нөгөө талд нь шийрийг тавина. Ийнхүү тавьсан  ууц бүтэн шүүсийг орлодог бөгөөд дээдлэн үзсэн онцгой хүндэтгэл бvхий зочиндоо зориулдаг.  Дэд хvндэтгэлд өвчүү орох боловч тэр болгон хүнд тавьдаггvй. Хэрвээ хvндэтгэвэл зохих эмэгтэй хүн /бэр хүн/ирвэл өвчүүгээр дайлах ёс буй. Өвчүүг дагуулж цорой гургалдай, бугалга, богтос зэргийг тавьдаг уламжлалтай.

Бага ууц- Ууцан дээр дөрвөн өндөр хавиргыг зүсэж өөд өөдөөс нь харуулж намилхай дээр нь тавих ба ууцныхаа баруун дор хүзүү тавьж болно.  Нөгөө талд нь сээр, хонт шаант зэргийг дагуулан ёс ёсоор нь тавьдаг.

dawhar-uuts

Хүндэтгэлийг хүндэтгэлээр хариулж буй нутгийн заншил

 Ууц давхарлаж тавих ёсон- Энэ баруун Монголын Баяд үндэстний ёс жаяг юм. Эцгийн голомтоос өрх тусгаарлаж гарсан гал голомт залгуулах хөвгүүд нь шинийн нэгний өглөө аав ээждээ чанасан идээ шүүстэйгээ ирж золгодог өнө эртний ёс байдаг ажээ.  Бас нагацын талын хамгийн ахмад хүндээ ирж золгохдоо ууц давхарлаж хүндэтгэлээ илэрхийлдэг. Ирж байгаа дүү нар нь идээ шүүстэйгээ ирж золгож буй хүндэтгэлийг хүндэтгэлээр хариулдаг нутгийнхны ариун заншил ажээ.

Эртний энэ ёсонд хамгийн дээд тал нь долоон давхар ууцыг тавьдаг.  Насны ойгоо тэмдэглэж байгаа буурайдаа зарим нутгийнхан идээ будаатай золгодог. Ууц шүүс тавьж, дээл, гутал барин золгодог.  Үүнээс гадна хонь, адуу гэсэн халуун хошуутай малаар бэлэг барьдаг юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих