Сар бүрийн 1-ний өдөр Төв аймгийн удирдлагууд Зуунмод сумын 6 багийн иргэдийг хүлээн авч уулзан тулгамдсан асуудлыг сонсож, даруй шийдвэрлэх боломжтой асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Төв аймгийн удирдлагууд 6 багт ажиллалаа. Иргэдийн зүгээс гудамж, талбайн гэрэлтүүлэг нэмэгдүүлэх, үерийн далан шуудууг сэргээх, шинээр байгуулах, үерийн улмаас үүссэн лаг шаврыг цэвэрлэх, гудамжинд үүссэн шавар, шороог тэгшлэх болон газар олголттой холбоотой асуудлыг ярьж байлаа.
~Үерийн далангийн зураг төслийг энэ онд багтаана~
Аймгийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбаатарын ажилласан Зуунмод сумын Баянхошуу багийн хувьд өнгөрсөн долоодугаар сарын уулзалтаар иргэдээс ирүүлсэн 14 асуудлын 9-ийг нь шийдвэрлэжээ. Тус багт оршин суудаг 20 иргэний газар хүссэн өргөдлийг хүлээн авч 15 иргэний газрын асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд аймгийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбаатар дээрх айлуудын эрчим хүчний асуудлыг өнөөдөр уулзалтын үеэр шийдвэрлэсэн юм.