Hog_pro_2

Сурагч нарт нутаг орноороо танилцах аялалыг санал болгож эхэлжээ

Завханы БОАЖГ-аас ирэх сард ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад экологийн боловсрол олгох, орон нутгийнхаа үзэсгэлэнт газруудтай нэг өдөр танилцах аялалд оролцох боломжийг дахин олгоно.

Өнгөрсөн жил тус газраас Улиастай сумын ерөнхий боловсролын сургуулийн эко клубын сурагчдад экологийн боловсрол олгох, орон нутагтай танилцах аяллыг зохион байгуулжээ. Энэ аялалд таван сургуулийн 70 орчим хүүхэд хамрагдаж ирвэс хамгаалах өдрийг үр дүнтэй тэмдэглэн өнгөрүүлжээ. Энэ арга хэмжээг энэ жил хоёр дахь жилдээ зохион явуулах гэж байна.

Танилцах аяллаар хүүхдүүдэд байгаль орчныг хамгаалах талаарх мэдлэг мэдээлэл өгөх, байгаль орчинтой зөв харьцах дадал хэвшил суулгах, өрх бүрд өсвөрийн байгаль хамгаалагч бэлтгэх, эко клубын үйл ажиллагааг идэвхжүүлэх, байгаль хамгаалагчийн ажлыг сурталчлан таниулах, улмаар ховор ан амьтдын амьдрах орчин, байршлыг хэрхэн зөв таньж хамгаалах дадлыг олгодог аж.

Өнгөрсөн жилийн тухайд 7-10 дугаар ангийн хүүхдүүд оролцож Улиастайгаас Арслантай хад, Зүүн сайхан, Баруун сайхан, Дэнхэн чулуу, Доной нисэх буудал, Морьтой хөшөө хэмээн нийт 100 км газар аялжээ. Үүнээс дөрвөн километрийг нь явган аялж байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцаад зогсохгүй ирвэс, янгирын байршил нутаг Алдархаан сумын Баруун, Зүүн хайрхныг үзжээ. Энэ үеэр Отгонтэнгэрийн ДЦГ-ын Богдын гол хэсгийг хариуцсан байгаль хамгаалагч Н.Алтангэрэл өөрийн хариуцдаг газар, байршдаг ан амьтны талаар мэдээлэл хийж судалгааны гол хэрэгсэл болох дуран,GPS, автомат камер, энгэрийн камер зэргийг хэрхэн ашиглах, ашиглах давуу тал зэргийг зааж өгчээ. Түүнчлэн хүүхдүүд биотехникийн арга хэмжээг хэрэгжүүлж зэрлэг амьтдад зориулан хужир шүү тавьж өгчээ.

Энэ үеэр Алдархаан сумын нутаг Баруун хайрханы хойд оройд нэг буга, дөрвөн согоо таарч сурагчид автомат камер болон энгэрийн камерыг ашиглан судалгааны зураг авах дадлагыг хийжээ. Өнгөрсөн жилийн аялал үр дүнтэй болсноор энэ жил аялалд оролцох хүүхдүүдийн тоо нэмэгдсэн. Тиймээс аяллыг хоёр групп болгон зохион байгуулах гэж байна. Аяллыг ирэх тавдугаар сард төлөвлөж байна хэмээн аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих