Сайд Ц.Цогзолмаа: Гурван сургууль, есөн цэцэрлэг ашиглалтад орно
Монгол Улсад сургууль, цэцэрлэгийн хүртээмж хангалттай бус байдаг. Улсын хэмжээнд 2018-2019 онд Ерөнхий боловсролын 97 сургууль, 147 цэцэрлэгийг шинээр барьж аишглалтад оруулахаар Засгийн газар шийдвэрлэж, 2018 оны улсын төсөвт тухайн жилийн төсвийг УИХ тусгасан. Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалт, засварын ажил эхлүүлдэг. Энэ талаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаас дараах зүйлийг тодрууллаа.
-Есдүгээр сарын 1-нээс өмнө улсын төсвөөр барьж байгаа сургууль, цэцэрлэгийн барилгууд ашиглалтад орох уу?
-Бид энэ долоо хоногийн сүүлээс есөн дүүрэгт яамны Ажлын хэсгийг гаргаж ажиллуулна. Хичээл эхлэхэд сургууль, цэцэрлэгийн засвар бэлэн болсон эсэхийг үзэж, олон нийтэд мэдээлнэ. Сүүлд авсан мэдээллээр засварын ажил нь дууссан олон сургууль, шинээр есөн цэцэрлэг ашиглалтад орно. Харин орон нутгийн хувьд шинээр гурван сургууль ашиглалтад ороход бэлэн болсон байна.
Арванхоёрдугаар сард нийслэлийн хэмжээнд хоёр сургуулийн барилга ашиглалтад орно. Бид цаашдаа байнгын засвар, үйлчилгээ шаарддаг сургууль, цэцэрлэгтэй байхаас татгалзаж байгаа. Анхнаасаа сайн материалаар олон жилийн баталгаатай барьчихвэл жил болгон төсвөөс урсгал засварын мөнгө гарахгүй. Ийм жишгийг тогтоох юм.
-Цаашид дутагдалтай байгаа сургууль, цэцэрлэгийн барилгуудыг төр, хувийн хэвшлийн түншлийн байдлаар явах чиглэлтэй байгаа юу?
-Бид төсвийн мөнгөөр асуудлыг нэг дор шийдэх боломж байхгүй. Тиймээс барьж байгаа хотхон бүр сургууль, цэцэрлэг, эмнэлэгтэй байна гэсэн стандартын дагуу хүлээн авна. Дараа нь улсаас мөнгийг нь графикаар өгдөг энэ жишгийг даган явах нь зөв гэж үзэж байгаа. Энэ бол олон улсад амжилттай хэрэгжүүлсэн жишгийн нэг.
Сургууль, цэцэрлэгийн зориулалтаар аж ахуйн нэгжүүдийн бариулсан барилгуудыг 2019 оны төсвөөр улс хүлээж авах талаар зургаан хүсэлт Боловсролын яаманд ирсэн. Үүнийг бид журмынх нь дагуу танилцуулна гэсэн төлөвлөгөөтэй байна.
-Салбар яамны зүгээс энэ жил боловсролын системд ямар өөрчлөлтүүд хийв?
-Боловсролын системийн хувьд өнгөрсөн жил ярьсан ажлуудаа хийж байна. Тухайлбал, ЭМЯ-тай хамтран 4-12 ангиудад олон жил таслагдсан эрүүл мэндийн хичээлийг дахин оруулахаар болсон. Нийгэмд ярьж байгаа халдварт өвчин гэх мэт асуудлыг шийдэхийн тулд сууриар нь ойлгуулж, өсвөр насны хүүхдүүдэд заах хэрэгтэй. Мөн монгол хэл, уран зохиолын хичээлийн цагийг нэмэгдүүлэх асуудлыг шийдсэн. Үндсэндээ энэ хичээлийн жилд сургалт, хөтөлбөр, багш нарын заах арга барилд нэлээд өөрчлөлт орно. Шинэ үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна.
-Гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудын асуудлыг яаж шийдэх вэ?
-Улсын хэмжээнд 27 сургуулийн 10 мянга орчим хүүхэд гурван ээлжээр хичээллэж байна. Энэ асуудал ирэх оны есдүгээр сарын нэгэн гэхэд цэгцэрч дуусна.
-Сурах бичгийн чанарын асуудал яригдах болсон. Эцэг эхчүүдийн дунд боловсролын салбарын нэг төрлийн бизнес болсон гэх хардлага байна?
-Энэ тал дээр бид түлхүү анхаарч ажиллаж байна. Сурах бичгийг тендерээр шийддэг байдлыг цаашид болих нь зүйтэй гэсэн миний итгэл үнэмшил бий. Учир нь сурах бичгийг өндөр үнээр хэвлэдэг хэвлэлийн компаниуд олширч, сүүлдээ хоорондоо маргалдах байдалд хүрлээ. Тиймээс улсын эдийн засгийн байдал сайжравал Боловсролын яам дэргэдээ хэвлэх үйлдвэртэй байж, сурах бичгийг төсвийн мөнгөөр хэвлэдэг байдалд шилжих болдолтой байгаа. Өнгөлөг, сайхан хавтастай ном гэхээс илүү, доторх агуулга чанартай байхад бидний зүгээс анхаарна.