mongol-bichig-tsahim

Монгол бичгийг ЦАХИМ ОРЧИНД хэрэглэх боломжтой

“Болорсофт” ХХК-ийн зүгээс сүүлийн таван жилийн хугацаанд компьютер дээр, тэр дундаа Windows үйлдлийн системийн орчинд “Юникод” стандартын дагуу монгол бичгийн гар болон таван төрлийн фонтыг гаргаж, хэрэглэгчид ашиглахад бэлэн болсон талаар өнөөдөр танилцууллаа.

Өмнө нь цахим орчинд монгол бичгээр бичихэд кодчиллын стандартууд, фонтын ялгаатай байдал зэрэг маш олон шалтгааны улмаас бичих боломж хомс, хүндрэлтэй байдаг байжээ.

МУИС-ийн дэд профессор Э.Мөнх-Учрал

 “Монгол бичгээр бичиж, харилцах иргэдийн тоо өдөр ирэх тусам буурсаар байгааг бид харж байна. Монгол бичиг устаж, үгүй болбол монгол хэл, соёл оршин тогтнох үгүйн асуудал болно гэсэн үг.

Бид монгол бичгийн тухайд зөвхөн Монгол Улсын хүрээнд авч үзэх ёсгүй юм. Бидний урд хөрш болох БНХАУ-ын Өвөр Монголчууд ч гэсэн энэ бичгийн томоохон хэрэглэгчид юм. Өвөр Монголчуудын хувьд монгол бичгээр цахим орчинд харилцах боломж нь улам хязгаарлагдмал болсоор байгаа бөгөөд Хятад хэлээр харилцах нь илүү хялбар болоод байгаа юм. Тийм учраас энэхүү монгол бичгийн гарыг олон улсад нэвтрүүлснээрээ тус бичгийн төрлийг хадгалах нэг томоохон алхам болох юм” хэмээлээ.

МУИС-ийн дэд профессор Э.Мөнх-Учрал

Тав гаруй жилийн хугацаанд олон улсын “Юникод” стандарт буюу цахим орчинд буй олон улсын хэлийг боловсруулж, солилцоход чиглэсэн нэгдсэн стандартад энэхүү монгол бичгийн фонтыг дэвшүүлэхээр, ажиллаж байна.

Монгол бичгээр бичих нь кирилл фонтоор бичихээс ялгаатай байдаг. Тийм учраас энэхүү авиа зүйн, тунгаамал загварт тулгуурласан монгол бичгийн гар болон фонтод монгол бичгээр бичихэд хамгийн чухал байдаг, үгийн эх үүсвэрийг тодорхойлдог Х, Г үсгийн орох дарааллыг сонгоход илүү хялбар болгож, өмнө байсан олон хувилбар сонгогчийг нэг болгосноор ашиглахад илүү хялбар болсон талаар зохион бүтээгчид онцолж байна. 

Түүнчлэн тус монгол бичгийн гар нь олон улсын “Юникод” стандартад орох эсэх нь хэрэглэгчдийн таталт, санал хүсэлт, сэтгэл ханамж зэргээс шалтгаалан шийдвэрлэгдэх юм байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих