~Хүүхэддээ хэзээ ч битгий худал хэл…~
Монгол улс Ардчилсан нийгэмд шилжээд бараг 30 жил боллоо. Энэ хугацаанд материаллаг зүйлийн хувьд ололт амжилт олсон болохоос сэтгэлгээний хувьд өөрчлөлт гараагүйгээр барахгүй ухралт болсон. Та бид энэ нийгмийн “бүтээгдэхүүнүүд”. Харин таны хүүхэд энэ бүтээгдэхүүний үргэлжлэл байх уу, өөрөө өөрийнхөөрөө зөв хөгжих үү гэдэг асуултанд хариулцгаая.
Нийгмийн сэтгэл зүйд нэг нийгмийн тогтолцооноос нөгөө нийгмийн тогтолцоонд шилжихэд суурь үнэт зүйлийн шилжилт дагаад өөрчлөгдөх ёстой байдаг гэж үздэг. Ийм үнэт зүйлийн шилжилт одоог хүртэл явагдаж байна. Эрх чөлөө ямагт хариуцлага, ёс суртахуунтай холбоотой байдаг.
Урьд нь коммунист ёс зүй, хамтын соёл гэж байлаа. Гэтэл үүний оронд хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш эрх гэдэг үнэт зүйлийн оронд дураараа дургих, хэн зальтай нь тэсч үлдэх, ямар ч аргаар хамаагүй эрх мэдэл, мөнгөтэй болох шунал эзлээд авчихлаа шүү дээ. Ийм хариуцлага, ёс суртахуун байхгүй болохоор өөрийгөө дөвийлгөсөн бүдүүлэг түрэмгий байдал хамаг орон зайг эзэлчихээд байна.
Нийгмээ одоогийн өнгө төрхөөр нь харж, мтиний хүүхэд ийм нийгэмд тэсч үлдэхийн тулд тэдэнтэй адилхан байх ёстой гэж сэтгэж байна уу?
Эсвэл ирээдүйн Монголыг нэр төртэйгээр нуруун дээрээ үүрэлцэж, монгол хүмүүсийнхээ төлөө гэсэн халуун сэтгэлтэй иргэн таны хүүхэд байх уу гэдэг сонголтыг эцэг эх та өнөөдөр хийж байна гэдгээ ухаараарай.
Адаглаад л хүүхэддээ хэзээ ч битгий худал хэлээрэй. Дэргэд нь ч худал хэлж болохгүй цагаан цаас юм шүү дээ.