Хүүхэд гэрийн даалгавар хийх дургүй болдог нэг шалтгаан: Хамгийн гол хэргийн эцэн нь аав ээжүүд бид өөрсдөө байдаг. Ихэнх эцэг эхчүүд хүүхдээ бага ангид байхаас нь “суурийг нь сайн тавина” гэсэн төсөөллөөр загнаж, гэрийн даалгаврыг нь шийтгэл мэт хийлгүүлснээс болдог байна.
Их амралт өрнөөд таны хүүхэд “даалгавар хийх” гэдгийг мартах дөхөж байна уу? Даалгавар хийлгэх гэж дайн өрнөх шахдаг дүр зураг ажиглагдаж эхэлсэн бол доорх зөвлөгөөг дагаад үзээрэй.
Яагаад хичээл хийх ёстойг ойлгуулах – Тухайн хичээл бидэнд ямар хэрэгтэйг мэдэхгүй бол хүүхдүүд огт ойлгохгүй зүйлээ “робот” мэт дагаж дуурайдаг л болно. Тиймээс эхлээд хүүхдийг юунд дуртай, хэн болохыг хүсэж буйг нь асуугаад тэр мөрөөдөлд нь ямар хичээлүүд яаж тус болохыг тайлбарлаарай. Гэвч зүгээр нэг тайлбарлах биш өөрөөр нь зорилгодоо хүрэхийн тулд ямар хичээлдээ сайжрах талаар цаасан дээр бичүүлээрэй. Хүүхэд том болохыг маш их хүсдэг учраас өөрийн гэсэн амьдралыг зохиох тухай мөрөөдөхдөө дуртай байх болно.
Хүүхдээ ямар төрлийн суралцагч болохыг нь ажигла- Хүн бүрийн сурах арга барил өөр байдаг. Зарим нь хүнээр яриулж ойлгодог байхад зарим нь зөвхөн уншиж л ойлгох жишээтэй. Тиймээс унших, ярьж өгөх, бичүүлэх болон нүдээр үзүүлэх гэх мэт аргуудыг ашиглаж аль нь түүнд илүү сонирхолтой санагдаж байгааг олж мэдээрэй.
Тодорхой цаг гарга – Хэзээ ч хүүхдээ даалгаврыг нь хийж дуустал хажууд нь бухимдаж суух хэрэггүй. Нэг цаг суугаад л босоод явдаг болчихвол хүүхдүүд тэр хугацаанд л юм асуухгүй бол болохгүйг аажмаар ойлгоно. Сүүлдээ дэмий зүйл хийхгүй тэр цагтаа л амжиж хичээлээ асууж сурна.
Дүнгийн төлөө сургах хэрэггүй- Хүүхдэд “Даалгавраа хийхгүй бол муу авна”гэх мэт үгс хэлвэл хамгийн чухал зүйл хичээл хийх биш онц дүн гэж ойлгох болно. Ингэснээр хүүхдүүд дүн авахын тулд хуулагч нэгэн болдог.
Өөрөөр нь хийлгэ- Хичээлээ ойлгохгүй, хийж чадахгүй бол бүгдийг нь хэлж өгөх хэрэггүй. Өдөржин хичээл дээрээ заалгасан учраас хичээвэл ойлгох болно. Хэрвээ бүр чадахгүй бол тайлбарлаж өгөөрэй. Харин өмнөөс нь хэзээ ч битгий хийж өг. Амарыг хараг нэгэн болно.
Асуултыг нь асуултаар хариулах- Хүүхэд: “Энд нэмэх тэмдэг байх уу? хасах тэмдэг байх уу?” гэж асуувал та: “Нэмэх тэмдэг ямар үйлдэл хийдэг билээ? хасах тэмдэг харин ямар үйлдэл хийдэг вэ?… тэгвэл аль нь зөв гэж бодож байна?” гэх мэт асуувал хүүхэд тань илүү хичээлээ ойлгож эхлэх болно.
Үргэлж урам өгч бай- Энэ бол хамгийн чухал. Хүүхэд тань гэрийн даалгавраа хийхдээ бүгдийг нь мэдэхгүй байсан ч дуусгаж чадсан учраас урмыг үг хэлвэл хүүхэд тань ирээдүйд хичээлээ илүү дуртай хийх болно.