doping

Хоёр бөхөөс допингийн төрлийн таван бодис илэрчээ

Допингийн эсрэг үндэсний төвөөс Үндэсний их баяр наадмаар шөвгөрсөн 16 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариуг Баяр наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Дээрх шинжилгээний хариуг Үндэсний их баяр наадмын хуулийн дагуу зохион байгуулах хороо зарладаг.

Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим сүлжээнд “No doping” хөдөлгөөн өрнөж, Үндэсний их баяр наадмаар шөвгөрсөн бөхчүүд өөрсдийн шинжилгээнийхээ хариуг олон нийтэд мэдэгдэж эхэлсэн. Хамгийн сүүлийн мэдээллээр дээрх хөдөлгөөнд шөвгийн 16 бөхөөс шинэ аварга Э.Оюунболдоос бусад нь нэгдэж, өөрөөс нь допинг илрээгүй хэмээн мэдэгдсэн.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Бөхийн салбар хорооноос допингийн шинжилгээний хариутай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тодруулбал, Бөхийн салбар хорооны дарга Г.Билгүүн “Энэ жилийн баяр наадмаар тав буюу түүнээс дээш давсан 16 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Допингийн шинжилгээний хариу Үндэсний бөхийн салбар хороонд наймдугаар сарын 8-нд ирсэн бөгөөд хоёр бөхөөс допингийн төрлийн бодис илэрсэн. Тухайлбал, нэг бөхөөс нэг төрөл, нөгөө бөхөөс нь дөрвөн төрлийн бодис илэрсэн.

Сэргээшийн шинжилгээний хариуг бөхчүүдэд утсаар мэдэгдсэн бөгөөд допинг илэрсэн хоёр бөхийн нэг нь энэ сарын 9-нд, нөгөө нь өчигдөр ирж шинжилгээний хариутайгаа албан ёсоор танилцсан” гэлээ.

Дүрэм журмын дагуу сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүд А сорьцын хариутай санал нийлэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй бол Б сорьцын шинжилгээ өгөх хүсэлтээ 10 хоногийн дотор гаргах ёстой аж. Харин дээрх хоёр бөх өнөөдрийн байдлаар Б сорьцын шинжилгээ өгөх хүсэлт хүргүүлээгүй гэнэ.

Үүнээс гадна Баяр наадмыг зохион байгуулах хорооны Бөхийн салбар хорооны зүгээс “Олон нийтийн зүгээс сэргээшийн төрлийн бодис илэрсэн хоёр бөхийн нэрийг зарлахыг шаардсан. Бид бөхчүүдийн нэрийг нуугаагүй. Дүрэмд заасны дагуу А сорьцын хариуг шууд зарлах боломжгүй. Хэрэв сэргээш илэрсэн бөхчүүд энэ сарын 19-ны дотор Б сорьцын шинжилгээ өгөх хүсэлт гараагүй, А сорьцын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд нэрийг нь шууд зарлана. Харин дахин шинжилгээ өгөх хүсэлт гаргавал Б сорьцын шинжилгээний хариу гарсны дараа нэрийг нь албан ёсоор зарладаг” гэсэн юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих