PUBG

 “PUBG” цахим тоглоомыг эсэргүүцсэн анхны улс ЭНЭТХЭГ

“PUBG” буюу “PlayerUnknown’s Battlegrounds” тоглоом нь алдарт “Hunger Games” зохиолын хэв маягтай цуст өрсөлдөөн бөгөөд автомат буу, байлдааны винтовоор зэвсэглэсэн 100 тоглогч сүүлчийн хүн тэсэж үлдэх хүртэл хоорондоо үзэлцэх учиртай. БНХАУ-ын “Tencent Holdings” үхлийн тулааны үнэггүй тоглох нөхцөл бүхий мобайл хувилбар зах зээлд гаргаснаас хойш “PUBG” дэлхийд ухаалаг утасны хамгийн алдартай тоглоом болсон юм.

Дэлхий дээр 500 сая гаруй тоглогчтой болсон энэхүү тоглоомыг Энэтхэг улс тоглуулахыг хориглосон байна. Учир нь “PUBG” нь хүүхдүүдийг “манороги” буюу гаж донтон болгон хувиргагч “тахлын” шинжтэй, олон хүүхдийн оюуны тэнцвэр хэдийн алдагдуулж байна” хэмээн Энэтхэгийн гол сонины нэг “Navbharat Times” гуравдугаар сарын 20-ны дугаартаа бичсэн юм. Уг нийтлэлийн дараа Энэтхэгт тоглоомыг эсэргүүцсэн олон хүн байсан тул тоглоомыг хориглосон шийдвэр гарчээ.

“PUBG” бол “айл болгонд шүглэсэн ад зэтгэр”

PUBG-ийг анх эсэргүүцсэн орон нутгийн улстөрчид, эцэг эх, багш нар уг тоглоом хүчирхийллийг гааруулж, оюутан сурагчдыг хичээл сурлагаас нь хөндийрүүлэх аюултай хэмээн тайлбарласан байна. Шүүмжлэгчид “PUBG” бусдыг дээрэлхэх, хүчирхийлэх, хулгайлахад сургадаг хэмээн буруутгаж буй төдийгүй Mумбайд өсвөр насны хүүхэд амиа хорлосон хэргийг ч тоглоомтой холбодог. Муж улсын сайд уг тоглоомыг “айл болгонд шүглэсэн ад зэтгэр” гэж нэрлэсэн юм.

Бангалор дахь Энэтхэгийн сэтгэцийн эрүүл мэнд, неврологийн хүрээлэнгийн харьяа дижитал дон эмчлэх эмнэлэг “PUBG”-д донтсон тохиолдлыг долоо хоногт хэд хэдэн удаа бүртгэдэг. Эцэг эхдээ “PUBG” тоглоомчин болохын тулд сургуулиа хаяна гэж хэлж байгаа хүүхдүүд олон болсон байна.

Энэтхэг “PUBG”-г бүрэн эсэргүүцсэн анхны улс

“PUBG”-г дэлхий тэр чигээрээ тоглож байна. Уг тоглоомыг Энэтхэг шиг эсэргүүцэж буй улс одоогоор өөр байхгүй. Мөн тоглоом үйлдвэрлэгчид илүү хариуцлага хүлээх цаг болсныг тус улсын иргэд анхааруулж байна.

 “PUBG”-г бусад улсад хориглосон уу

Энэтхэгт насны хязгаарлалтгүй бүх хүнийг уг тоглоомыг тоглохыг хориглосон. Харин “Tencent Games” компани Хятадад 13-аас доош настай тоглогчдод “PUBG” тоглохыг хориглож, тоглоомд жинхэнэ нэрээрээ бүртгүүлэх зэрэг хязгаарлалт тогтоосон юм. Мөн ХБНГУ-д 16-аас доош насныхныг “PUBG” тоглохыг хориглосон байдаг.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих