mongoloos-suraltsagch-pyutnuud

ӨМӨЗО-д морин спортын ангид тэтгэлэгтэй суралцаж байна

~ӨМӨЗО-д морин спортын ангид тэтгэлэгтэй суралцаж байна~

Хэнтий аймгийн Галшар, Баянхутаг, Батноров, Баян-Адрага сумд болон Бэрх хотын таван залуус БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Шилийн хотын “Ажил мэргэжлийн дээд сургууль”-д морин спортын ангид тэтгэлэгтэй суралцаж байгаа билээ.

Өнгөрсөн оны 11 дүгээр сард УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар “Эргэх холбоо” ТББ тус сургуультай хамтран малчин залуусыг дэмжих, морин спортын олон улсын туршлагаас суралцах зорилгоор тус тэтгэлэгт хөтөлбөрийг эхлүүлсэн билээ.

Хөтөлбөрийн эхний шатанд Хэнтий аймгийн Батноров сумаас Н.Хосбаяр, Галшар сумаас Т.Билгүүнбаатар, Бэрх хотоос Б.Хангал, Баян-Адарга сумаас Ган-Эрдэнэ нар тэнцэж сар бүр 1000 юанийн тэтгэлэгтэйгээр суралцаж байна. Эдгээр оюутнуудын сургуулийн орчин, чанар, нөхцөл байдалтай танилцахаар Эргэх Холбоо ТББ-ын удирдлагууд Шилийн гол аймагт энэ сарын дундуур ажиллаад иржээ.

Монголоос суралцагч оюутнууд маань “Ажил мэргэжлийн дээд сургууль”-ийн МОРИН СПОРТЫГ СУРТАЛЧЛАХ ТЕАТР-т зуны амралтаараа ажиллах болзлыг хангажээ. Морин циркийн үзүүлбэрийн шалгалт өгч тэнцсэн оюутнууд амралтын хугацаандаа 3000 юанийн цалинтай ажилладаг юм байна.

Цаашид Хэнтий аймаг түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болон хөгжихөд ижил төстэй түүхэн үйл явцыг харуулсан морин үзүүлбэр, тоглолтыг толилуулахад томоохон туршлага болох юм.

Залуус маань амжилттай суралцаж ирээд орон нутагтаа аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгоно гэдэгт итгэлтэй байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих