991ce888-11c4-4285-b87e-002a26f5a708

Шүлэг, яруу найргын уралдаан боллоо

Төв аймгийн Мөнгөн-Морьт сумын 9 жилийн сургууль “Уншлагыг дэмжье” аймгийн хэмжээнд зохион байгуулсан сарын аяны хүрээнд “Уран жиргээ” яруу найргийн уралдааныг энэ сарын 25-нд зохион байгуулсан байна.

Уралдааны зорилго шүлэг, яруу найргаар дамжуулан хүүхэд багачуудыг эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, сэтгэн бодох, ургуулан бодох авьяас чадварыг хөгжүүлэх, цээжлэх, тогтоох арга барилд сургахад чиглэж байгаа юм хэмээн тус сургуулийн захирал Н.Рэнцэндорж ярилаа.

Уралдаанд сумын 2-9-р ангийн сурагчид оролцсон байна. Анги хамт олноор оролцох болон ганцаарчилан унших гэсэн 2 төрлөөр шалгаруулжээ.

Анги нийтээр унших шүлгийг сурагчдын заавал цээжлэх шүлгээс унших, анги хамт олноороо оролцох, шүлгээ мэдэрч унших, хувцаслалт жигдэрсэн байх шалгуур тавьсан бол ганцаарчлан оролцох төрөлд сурагчид шүлгээ уран яруу, тод унших, бүтээлч байдал, сонсогчдоо хүндэлж буй байдал, сонсогчдын сэтгэлийг татаж буй эсэх гэсэн шалгуурыг тавьж дүгнэсэн байна.

Дунд ангиас ганцаарчилсан төрөлд тэргүүн байрт сурагч О.Анужин “Эмээдээ” хэмээх өөрийн зохиосон шүлгээр, бага ангиас Одончимэг “Саальчин бүсгүй” шүлгээр шалгарчээ.

Анги хамт олноор уншсан шүлгийн уралдаанд дунд ангиас тэргүүн байрт сурагч Б.Ринчин “Монгол хэл” шүлгээр, бага ангиас тэргүүн байрт сурагч Д.Пүрэвдорж “Тусгаар тогтнол” шүлгээр шалгарлаа хэмээн тус сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Н.Галваа мэдээллээ.

“Уран жиргээ” уралдааныг төрөл бүрд 2 байр шалгаруулж, өргөмжлөл, медиалиар урамшуулсан байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих