tarwaganii-mah

АНХААР: Тарваганы мах эд, эрхтэнг нийслэлд нэвтрүүлэхийг хориглов

Нийслэлийн ОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Нийслэлийн Онцгой комиссоос гаргасан албан даалгаврыг бид чиглэл чиглэлдээ хэрэгжүүлж ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Үер, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/800 дугаар захирамж гарсан. Энэ дагуу нийслэлийн Онцгой байдлын газраас Туул, Хэрлэн, Тэрэлж голын эрэг дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүлийг зохион байгуулж байна. Мөн нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын албан хаагчидтай хамтран гол, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг өдөр бүр зохион байгуулан иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж, 269 иргэний амь насыг авран хамгаалсан” гэв.

~Тарваганы мах эд, эрхтэнг нийслэлд нэвтрүүлэхийг хориглов~

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Б.Батшагай “Авто тээврийн товчоодод тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 24 цагаар НМХГ-ын Улсын байцаагч хяналт тавин ажиллаж байна. Иргэд маань хууль бусаар агнасан тарвага болон тарваганы тулмыг нийслэл хот руу оруулж ирэхгүй байхад онцгой анхаарах хэрэгтэй байна. Сүүлийн 14 хоногт нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн зуслангуудад шалгалтыг холбогдох газруудтай хамтарч хийлээ. Тус бүсэд 10 зуслан байдаг ба зөрчил гаргасан хоёр байгууллагыг 2,5 сая төгрөгөөр торгосон. Нийслэлийн 150 гаруй хороонд өнгөрсөн жилээс сайжруулсан түлш түлж эхэлсэн бөгөөд энэ жил Баянзүрх дүүргийн 20, Сонгино хайрхан дүүргийн 21, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 гэсэн таван хороог нэмж байна. Тус таван хороонд энэ өвөл түүхий нүүрсийг хэрэглүүлэхгүй байхаар хянаж ажиллана” гэсэн юм.

НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр “2020 оны гуравдугаар сарын 24-өөс гэрийн ажиглалт хийж эхэлснээс хойш 8346 хүнийг оруулсан ба 6981 нь гэрийн ажиглалтаас гарсан 1233 хүн гэрийн ажиглалтад байна. Тарваган тахлын сэжигтэй тохиолдол болон эмнэлзүйн шинж тэмдгийг хэрхэн яаж таних талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төв, нийслэлийн Эрүүл мэндийн газар хамтран хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад цахимаар сургалт хийлээ. Сургалтад 32 эрүүл мэндийн байгууллагын 62 хүн, нийслэлийн харьяа 16 байгууллагын 148 хүн хамрагдаж, эмч нарынхаа мэдлэг, ур чадварыг дээшлүүлж ажиллалаа” хэмээлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих